Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, хөнгөвчлөх зорилгоор хэрэглэгдэх, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар нотлогдсон, эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг хэлнэ. Эм нь ургамал, амьтан эсвэл химийн найрлагатай байж болох бөгөөд тэдгээрийг хүн, амьтан эсвэл ургамалд өвчин эмгэгийг эмчлэхэд зориулан хэрэглэдэг.
Эмүүд нь дараах ангилалд хамаарна:
- Ургамлын гаралтай эм: Энэ нь ургамал, мод, жимс, үндэс зэрэг байгалийн гаралтай түүхий эдээс гарган авсан найрлагатай байдаг.
- Химийн найрлагатай эм: Химийн бодисуудыг лабораторид синтезлэн үйлдвэрлэсэн ба тодорхой өвчнийг эмчлэх зорилготой.
- Биологийн идэвхт эм: Энэхүү ангилалд эмнэл зүйн зориулалттай генетикийн инженерчлэлээр боловсруулсан биологийн бодисууд орно.
- Холимог найрлагатай эм: Холимог найрлагатай эм нь химийн ба байгалийн гаралтай бодисуудыг хольж үйлдвэрлэсэн эм бөгөөд өвчний тодорхой төрлүүдийг эмчлэхэд ашиглагддаг.
Эмийн клиник судалгаа, лабораторийн туршилт шинжилгээ хийгдэж баталгаажсаны дараа нь эмийн үйлдвэрлэл, хадгалах, хэрэглэх журмыг маш нарийн хяналт тавьж, эмнэл зүйн салбарын холбогдох байгууллагууд (жишээлбэл, FDA АНУ-д, EMA Европын Холбоод) зөвшөөрөл олгодог. Эмийн аюулгүй байдлыг хангах, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл яаран эм бүү хэрэглээрэй. Эмийг хүний амаар энэ эм сайн эсвэл хувь хүнээс баталгаагүй эм авч хэрэглэх нь таны эрүүл мэнд болон амь насанд маш аюултай. Эм нь нарийн тун хэмжээтэйгээс гадна хадгалах нөхцөл нарийн шаардсан байдаг бас өвчний заалтаас шалтгаалан эмийн харилцан үйлчлэл, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоосон, зарим эмийг нарийн дэмлэм барьж уух шаардлагатай болдог. Жишээ нь хоолны өмнө болон дараа өлөн үедээ гэх мэт.
Эмийн зохистой хэрэглээ нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний онош, эмчилгээ зэрэгт үндэслэн эмийг үр дүнтэй, аюулгүй, ба зорилтот үр дүнд хүргэх зорилгоор ашиглахад хэрэглэдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эм зүйч, жор баригч нар туслах болно.
Эмийг олгох байдлаар нь:
- Жоргүй олгох
- Жороор олгох
- Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм
Жоргүй олгох эмийг эм зүйч жор баригчийн зөвлөгөөгөөр авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангаас авч хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Энэ нь өвчнийг зөв оношлох, эмийг зөв сонгох, мөн эмийг зөв хэрэглэхтэй холбоотой. Зохистой эмийн хэрэглээг дагаснаар эмийн хариу урвалыг багасгаж, эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой.
Үүнд дараах зарчмуудыг дагаж мөрдөх нь чухал:
1. Зөв оношлогоо:
– Эмийг хэрэглэхээсээ өмнө зөв оношлогоо авах нь маш чухал. Энэ нь эмчилгээний чиглэл ба эмийг зөв сонгоход туслах болно.
2. Эмчийн зааварчилгааг дагах:
– Эмийг хэрэглэхдээ эмч, эм зүйчийн зааварчилгааг нарийн дагах хэрэгтэй. Эмийн тун, хэрэглээний давтамж, эмийг хэрхэн хэрэглэх талаарх зааврыг нарийн дагах ёстой. Эс бөгөөс эмчилгээ үр дүнгүй болно.
3. Эмийн нөлөөлөл ба хариу үйлдлийг анхаарах:
– Эм хэрэглэх үед өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг. Эм хэрэглэх явцад бие махбодид ямар нэгэн хариу урвал эсвэл сөрөг нөлөө илэрвэл түргэн шуурхай эмч, эм зүйчид хандаж мэдээлэх хэрэгтэй.
4. Харилцан нөлөөлөл ба эмийн нийлэгжилтээс зайлсхийх:
– Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих болон саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Иймд өөр өөр эмийг зэрэг хэрэглэхдээ эмч, эм зүйчээс зөвлөгөө авч, эмийн харилцан нөлөөллийг мэдэж байх хэрэгтэй.
5. Эмийг хадгалах зөв арга:
– Эмийг үйлдвэрлэгчийн заасан горимд (температур, чийгшил, гэрэл, хөргөгч г.м) хадгалах хэрэгтэй. Эмийг хуурай, сэрүүн, нарны туяа тусахгүй газар хадгалах, усанд норохоос сэргийлэх шаардлагатай.
6. Эмийг хэзээ ч өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх:
– Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна.
Эмийг буруу хэрэглэвэл хордлогонд орох, эрхтэн систем гэмтэх зэрэг олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны амь насанд аюул учруулж болзошгүйг ойлгох нь маш чухал юм.
Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистой тунгаар хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн тунгийн хэмжээг өөрчилж болохгүй. Хэрэв эмчилгээний явцад асуудал гарвал эмчид хандах нь зүйтэй.
Дээрх зарчмуудыг дагаж мөрдсөнөөр эмийн аюулгүй байдал, эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд туслах болно. Эмийг хэрэглэхдээ эмч, эм зүйчийн зааварчилгааг дагах нь чухал.
Эмийг зохистой хэрэглэхийн тулд та зохих төвшний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Тиймээс уух гэж буй эмнийхээ талаар доорх асуултуудыг эмч, эм зүйчээсээ заавал асуугаарай.
- Ямар үйлдэлтэй эм болох?
- Тухайн эмийг хэрэглэхэд биед ямар өөрчлөлт гарч болох талаар?
- Ямар гаж нөлөө гарч болох талаар?
- Эм уух хугацаанд юуг анхаарах? / тодорхой нэг хоол хүнс, шингэнийг хэрэглээнээсээ түр хасах шаардлагатай юу? Бусад эмийг хэрэглэхээ болих уу? Машин барьж болох уу? Гэх мэт /
- Эмийг хэр хугацаагаар уух талаар?
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Эмийн гаж нөлөө гэдэг нь эмийг хэрэглэсний дараа үүсч болох хүсээгүй, сөрөг ба заримдаа аюултай үр дагавар юм. Гаж нөлөө нь эмийн төрөл, тун, биеийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг.
Түгээмэл илрэх эмийн гаж нөлөөнүүд:
- Толгой өвдөх
- Дотор муухайрч, бөөлжих
- Хоол боловсруулах эрхтний зовиур (жишээ нь : ходоод гэдэс базлах)
- Нойрмоглох, сульдах
- Харшил, загатнаа
- Арьсны өөрчлөлт
- Хоолой бачуурах, амьсгал давчдах
- Даралт ихсэх эсвэл буурах, зүрх дэлсэх
- Хүүхэн хараа өргөсөх, нулимс гоожих, улайх
- Нойргүйдэл, сэтгэл санааны өөрчлөлт
Эм хэрэглэх үед танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмээ зогсоож эмчдээ хандана уу!
Эмийг худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
- Эмийн олон улсын болон худалдааны нэршил
- Хэрэглэх арга, тун хэмжээ
- Эмийн хэлбэр, үйлдвэрлэгч
- Жороор олгогдох эсэх
- Монгол улсад бүртгэлтэй эсэх
Эм бол ХООЛ БИШ. Эм бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний оношинд тохирсон эмийг эмчийн жороор, зохих тунгаар, тодорхой хугацаанд хэрэглэхийг уриалж байна. Өөртөө хайртай байя.
төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….